Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2017

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Агуу их Алдарын нийгэмлэг хэрхэн эгцлэн босож буйг харагтун! Шинэ Төлөвлөгөө эхэлснээс хойш нэг жил өнгөрсөн хэдий ч гаргаж буй хүчин чармайлт, түрүүчээсээ хүрсэн үр дүнгийн цар хүрээг ирж буй тайлангууд илтгэж байна. 5000 өсөлтийн хөтөлбөрийг эрчимтэй түвшинд хүргэхийн тулд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм хүчин чармайлт шаардаж байна. Төлөвлөгөөний суурь нөхцлийг гүн бат ойлгож авсан олон тооны анд нөхөд түүний хэрэгцээ шаардлагын дагуу хөдөлмөрлөхдөө нягт нямбай, золиослонгуй байдлаар үйлчилж байгаа нь харагдана. Урьдчилан төсөөлж байсанчлан, урт удаан хугацаанд тогтвортой явагдаж байгаа эрчимтэй өсөлтийн хөтөлбөртэй зарим газрууд нь мэдлэг болон нөөцийн уурхай болж байгаа ба эргэн тойрныхоо газар нутгуудыг дэмжин, туршлага ба сургамжийг хурдацтай түгээх боломжийг бий болгож байна. Эрчимтэй үйл ажиллагааны төвүүд буюу нийгэмлэгийг бүтээн босгох ажил хамгийн их төвлөрөн явагдаж буй тэдгээр бичил хороод болон тосгод нь хамтын хувьсал өөрчлөлтийн үр шимтэй хөрс болохоо нотлон харуулж байна. Өргөжин тэлсэн, шинэ эрч хүчтэй үй олон Туслах Зөвлөлийн Гишүүд болон тэдний туслахуудын арми нь хувь сүсэгтнүүдийн дээрх хүчин чармайлтыг идэвхжүүлж, янз бүрийн нөхцөл байдалд өсөлтийн үйл явцыг хэрхэн урагшлуулах зөн харааг бий болгоход тусалж, кластер бүрийн нөхцөл байдалд тохирсон арга замыг тодорхойлолцож байна. Тус бүрийн Үндэсний Оюун Санааны Чуулгын дэмжлэгтэйгээр Бүсийн Бахайн Зөвлөлүүд нь Төлөвлөгөөний эрч хурдцыг бүхий л кластеруудын хүрээнд нэгэн зэрэг хэрхэн бий болгох талаар суралцаж байгаа агаад Зөвлөл байдаггүй арай жижиг зарим оронд үндэсний хэмжээнд шинэ байгууллагууд мөн адил үүнд суралцаж байна. Аливаа органик үйл явцын үр дүнгийн нэгэн адил зарим газар оронд гарч буй шуурхай хөгжил дэвшил өөр нэг хэсэгт гарахгүй байгаа хэдий ч нийт өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн тоо хэдийнэ нэмэгдээд эхэлжээ. Мөн түүнчлэн Төлөвлөгөөний эхний дөрвөн мөчлөгийн хугацаанд үйл ажиллагаанд оролцох оролцоо мэдэгдэхүйц өссөн байгааг харахдаа бид бүхэн баяртай байна.

Тиймээс ирэх жил олох ололт амжилтын шинж тэмдэг тун ч өөдрөг харагдаж байна. Тэгвэл Адист Гоо Жавхланд зориулан Түүний хайрт хүмүүс Түүний Шүтлэгийн хүрээг тэлэхээр үнэн сэтгэлээсээ хичээн зүтгэхээс илүү Мэндэлсэн Өдрийнх нь хоёр зуун жилийн ойд барих бэлэг бий гэж үү? Бахайн ертөнцийн тэмдэглэн өнгөрүүлэх хоёр зуун жилийн хоёр ойн эхнийх нь баяр жаргалаар бялхсан тийм үйл явдал болох төлөвтэй байна. Эндээс харахад урьд хожид хэзээ ч байгаагүйгээр хүмүүсийн зүрх сэтгэлийг Бахауллатай холбох дэлхий нийтийг хамарсан цорын ганц боломж завшаан энэ жил тохиож байна. Ирэх саруудад хүн бүр энэхүү үнэт завшааныг санаж, Түүний амьдрал ба эрхэм дээд үйл хэргийг бусдад танил болгох бүхий л орон зай дах боломж бололцоог соргогоор ашиглацгаая. Бахайн ертөнцийн өмнө өдгөө буй сургаалыг багшлах боломж бололцоог бүрэн дүүрэн ухаарахын тулд ямар ч хүнтэй өрнүүлж болох тийм харилцан яриа юу байж болох талаар бүтээлчээр сэтгэх хэрэгтэй байна. Ийм утга учиртай харилцан яриануудын явцад хүмүүсийн ойлголт ухамсар нэмэгдэж, зүрх сэтгэлүүд нээгддэг ба заримдаа энэ нь тэр даруй явагддаг байна. Энэхүү чухал үйл хэрэгт хүн бүхэн оролцож, үүнд оролцсоноор хүртэх баяр баясгалангаас ямар ч хүн татгалзах ёсгүй билээ. Бурханы Өдөрийн үүр гэгээрсэн тухай мэдээг бусадтай хуваалцахаас үүдэх хамгаас цэвэр ариун, хамгаас тансаг баяр баясгалангаар хоёр зуун жилийн ой тохиох энэхүү жилийг бялхуулан дүүргээсэй хэмээн бид цорын ганц Хайртаас гуйн залбирах болно.

Дэлхий ертөнцөд оршиж байгаа төөрөгдөл, үл итгэлцэл, тодорхой бус /бүрхэг/ байдал нь үнэнч сүсэгтнүүдийн гүйцэтгэх ёстой үүрэг даалгавруудаа илүү яаравчлан биелүүлэхийг шаардаж байна. Чухамдаа бол анд нөхөд замнах ёстой замыг заан гэрэлтүүлэгч нь болох бүх боломжийг ашиглан, шаналан зовсон нэгэнд итгэл, цөхөрсөн нэгэнд найдвар төрүүлэх хэрэгтэй юм. Асран Тэтгэгчээс нэгэн Бахай нийгэмлэгт илгээсэн дараах зөвлөмж нь агуулгаараа өнөөгийн бидний цаг үед тун ч нийцэж байгаа юм: “Өнөөгийн нийгмийн байгууламж нь адын явдлууд ба гай гамшгаас үүдэх дарамт шахалтын дор амь тэмцэн бутран унаж, нэг улс үндэстнийг нөгөөгөөс, нэг анги давхрагыг нөгөөгөөс нь, нэг төрхтөнг нөгөөгөөс, нэг шашны урсгалыг нөгөөгөөс нь салган холдуулж буй хагарлыг улам дэвэргэгч ан цавууд олшрох зуур Төлөвлөгөөг хэрэгжүүлэгчид өөрсдийн оюун санааны амьдрал, засаг захиргааны ажил хэрэгтээ Бахайн зарчмуудыг улам ихээр тусган харуулж, төвлөрсөн хүчин чармайлтын, харилцан тусламж дэмжлэгийн, хамтын үйл хэрэгтээ харилцан уялдаатай хөгжлийн илүү дээд хэм хэмжээг тогтоох ёстой билээ.” Шүтлэгийн ажил хэргийн оюун санааны ач холбогдол болон сүсэгтнүүд өөрсдийн ариун үүргүүдээ нэгэн үзүүрт сэтгэлээр гүйцэтгэх талаар байнга онцлон сануулахын зэрэгцээ Шоги Эффенди мөн улс төрийн маргаан, будлиан, хэрүүл тэмцэл зэрэгт ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байхыг анхааруулсан юм. Бас нэгэн тохиолдолд тэрээр “Тэд нэг талыг хэт баримтлах болон талцах үзлээс, хоосон маргаан, хувийн ашиг хонжоо харахаас, өөрчлөгдөн буй дэлхий ертөнцийн нүүр царайг зовоогч, анхаарлыг нь татах зуурдын дур хүслээс дээгүүр байг.” хэмээсэн юм. Эдгээр нь, ар араасаа түрэн ирэх давалгаа савлан хуваагдсан нийгмийг цохин донсолгох бүрт гарцаагүй ялгаран хаягдах хөөс, усны цацлага лугаа адил юм. Ийм төрлийн зүйлст анхаарлаа сарниулбал хэтэрхий ихийг алдана. Бахауллагийн дагалдагч нэг бүрийн сайн мэддэгчлэн, хүн төрөлхтний туйлын сайн сайхан байдал нь хоорондын ялгаагаа харах байдлыг даван гарч, хүн төрөлхтний бат бөх эв нэгдэл тавигдахаас шалтгаалах билээ. Нийгмийнхээ амьдралд Бахайчуудын оруулж буй хувь нэмэр бүр нь эв нэгдлийг дэмжин тогтооход чиглэдэг бол, нийгэмлэгийг бүтээн босгох хүчин зүтгэл бүр мөн адил зорилгод төвлөрдөг. Эсэргүүцэл тэмцлээс залхан зугтагсдад Агуу их Алдарын нөмөр дор өсөн хөгжиж буй нийгэмлэгүүд эв нэгдлийн хүчээр юунд хүрч болдгийн гайхамшигт жишээ нь болж байна.

Бид Эздийн Эзэн тэнгэрт хандан Түүний үй олон хайртууд янз бүрийн арга замаар хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын туг далбааг өндөрт мандуулахын төлөө бүхнээ зориулж байгааг гэрчлэн харж буйдаа талархал өргөж байна. Хамгаас эрхэм анд нөхөд өө, дээдийн ивээлтэй жил эхэлж байгаа үед бидний хүн нэг бүр ямархуу тэнгэрлэг үйлийг гүйцэлдүүлэхэд Түүний нигүүлсэл бидэнд туслахад бэлэн байгаа талаар тунгаан бодвол ямар вэ?

 

Windows / Mac